Дэлхийн түвшний Монгол хуульчид

ОЮУНЫ ӨМЧИЙГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 1-р сарын 21-ний өдрийн хуралдаанаар Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр товлоод байна. Тус хуулийн төслийн талаар товч танилцуулахад тус хуулийн төсөл нь 5 бүлэгтэй байх бөгөөд бүлэг тус бүрд дараах асуудлыг зохицуулахад тусгажээ:

  • Нэгдүгээр бүлэгт  хуулийн зорилт болон нэр томьёоны тодорхойлолт, оюуны өмчийг хамгаалах зарчим зэрэг нийтлэг үндэслэлийг тусгана.
  • Хоёрдугаар бүлэгт оюуны өмчийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх, оюуны өмчийн үндэсний зөвлөл, оюуны өмчийн байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, оюуны өмчийн байцаагч, шинжээчийн эрх, үүрэг зэргийг заана.
  • Гуравдугаар бүлэгт оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хамтын удирдлагын байгууллага, оюуны өмчийн эрхийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдүүдийн эрх, үүргийг тусгана.
  • Дөрөвдүгээр бүлэгт оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах хэлбэр, оюуны өмчийн эрхийн үнэлгээ, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахад төрөөс үзүүлэх дэмжлэгийн төрөл зэргийг заана.
  • Тавдугаар бүлэгт оюуны өмчийн мэдээллийн сан, оюуны өмчийн байгууллагын үйлчилгээний хөлс, оюуны өмчийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн үйл ажиллагаа болон бусад харилцааг зохицуулна.

Хуулийн төсөл батлагдсанаар дараах эерэг үр дагавар гарна гэж хуулийн төслийн үзэл баримтлалд дурджээ. Үүнд:

  • Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахад хялбар болно;
  • Оюуны өмчийн үнэлгээ хийх, зуучлах ажиллагаа илүү найдвартай болно;
  • Оюуны өмчийн байгууллагын үйл ажиллагаа тогтвортой, хэвийн явагдах боломж бүрдэнэ;
  • Төрөөс үзүүлэх дэмжлэг илүү тодорхой болно.

Хуулийн төсөлтэй энд дарж танилцана уу. 

2 сар, 1 долоо хоног өмнө