Дэлхийн түвшний Монгол хуульчид

Б.Гүнсэнхорлоо

Ахлах хуульч

  • (976)-88118198
  • Gunsenkhorloo@elclawoffice.mn

Монголын Хуульчдын Холбооны гишүүн, ахлах хуульч, өмгөөлөгч.

1979 оноос Монгол Улсын Прокурорын байгууллагад ажилласан ба 2013 оны 3 дугаар сараас тус нөхөрлөлд ахлах хуульч, өмгөөлөгчөөр ажиллаж эрүү, иргэн, захиргааны хэрэг маргаанд өмгөөллийн үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. 

Түүний өмгөөллийн үйлчилгээ үзүүлж ажилласан зарим хэргүүдээс дурдвал:

*Канад Улсын иргэн Ж.М-ын үүсгэн байгуулсан “Энтерпрайз” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой захиргааны маргаантай хэрэг дээр 2013 онд ажиллаж Баянгол дүүрэг дэх иргэний хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, УДШ-ийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдаануудад оролцож үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалж эерэг шийдвэр гаргуулсан.

*ИБУИНВ Улсын иргэн Х.Б нь АНУ-ын иргэн М-ийн эрх чөлөөнд халдаж хүнд гэмтэл учруулсан гэх үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Улсын Мөрдөн Байцаах газарт шалгагдсан ба 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдөр тэрээр дээрх зүйл ангиар Сүхбаатар дүүрэг дэх эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 5 жил 1 сарын хугацаатайгаар хорих ялаар шийтгэгдсэн юм.  Үйлчлүүлэгч Х.Б нь өөр өмгөөлөгчтэй байж байгаад 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдөр манай нөхөрлөлд хандсан. Энэ хэрэгт давж заалдах гомдол гаргаж 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон ба уг хуралдаанаар өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авч ханган анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж Х.Б-г батлан даалтад гаргажээ. Мөрдөн байцаалтын шатанд үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийн хамгаалж гэм буруугүй болохыг нь нотолж 2014 онд Тойргийн нэгдүгээр прокурорын газрын прокурорын тогтоолоор Х.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулсан байна.

*2008 оны 06 дугаар сарын 27-ны орой Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт Д овогтой Б нь Х гэгчийн хоолойг гутлынх нь үдээсээр боож алсан гэмт хэрэгт холбогдож 2010 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн ... шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаатайгаар чанга дэглэмтэй хорих ангид хорих ял эдлэхээр шийтгүүлжээ. Б болон түүний өмгөөлөгч нар давж заалдан хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан ба олон жил шалгагдсаны эцэст Сүхбаатар дүүргийн прокурорын газраас  хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ. Гэтэл  хохирогчийн гомдлоор 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Нийслэлийн прокурорын газраас дээрх хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээж, мөрдөн байцаалт явуулах тухай тогтоол гаргаж түүнийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст дахин шалгасан юм. Энэ хэрэгт Б-ын өмгөөлөгчөөр ажиллаж түүнд холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгуулсан. 

*Үйлчлүүлэгч Н овогтой Ш нь 2015 оны 01 дүгээр сарын 15-ны шөнө гэртээ нөхөр Э гэгчид зодуулсан. Э нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эхнэрийнхээ хацрыг хутгаар зүсэж,  үснээс нь зулгаан шалан дээгүүр чирч, эд хогшлоо эвдэж бага насны 2 хүүхдээ айлгаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байна. Энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатнаас хохирогчийн өмгөөлөгчөөр оролцсон ба Э-гийн гэмт үйлдэлд Баянгол дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. 2015 оны 04 дүгээр сарын 03-нд Дүүргийн эрүүгийн хэргийн II шүүх дээр Э-д холбогдох шүүх хуралдаанд оролцож хохирогч Ш-ын хууль ёсны эрх ашгийг хамгаалж хохирлыг  төлүүлсэн.

Дээрх хэргээс үүдэлтэйгээр хохирогч Ш нь Э-ээс гэрлэлтээ цуцлуулахаар иргэний шүүхэд хандахад нь өмгөөлөгчөөр оролцож 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Дүүргийн иргэний хэргийн II шүүхээр хэлэлцүүлж нэхэмжлэлийг хангуулсан болно. 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгч Ш-ын хамт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцов. Давж заалдах шатны шүүх хариуцагч Э-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

* 2015 оны 03 дугаар сарын 18-ны шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд Г овогтой М нь төрсөн эцэг Г-ыг зодож санаатай алсан гэх хэрэгт мөрдөн байцаалтын шатнаас өмгөөлөгчөөр ажилласан.  Чингэлтэй дүүргийн прокурорын газраас М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлсэн ба шүүх хуралдаанд М-ын эрх ашгийг хамгаалж түүний үйлдлийг буруу зүйлчилсэн, гэм бурууг зөв тогтоож чадаагүй гэсэн үндэслэлээр мэтгэлцсэний үр дүнд шүүх хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Ингээд гомдол хүсэлт гаргаж М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар буюу “Бусдыг болгоомжгүй алах” гэж зүйлчлүүлсэн ба прокурорын хяналтын шатанд түүнд холбогдох хэргийг Өршөөлийн тухай хуульд хамруулан хэрэгсэхгүй болгуулж үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалсан байна.

*ХБНГУ-ын иргэн Э.Ф нь 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Монгол Улсад ирээд хоёр хоноод БНХАУ уруу ажлаар явсан байна. 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсад буцаж ирэхдээ Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудал дээр динозаврын 2ш чулуужсан ясыг гаалийн шалгалтаас санаатайгаар нууж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан гэх үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар саатуулагдан шалгагдаж байсан хэрэгт өмгөөлөгчөөр ажилласан.  Ингээд түүний гэм буруугүй болохыг нотолж 2ш чулуужсан ясыг тэрээр Бээжингийн хар захаас худалдаж авсан, гаалийн үзлэгээс санаатайгаар нуусан үйлдэл тогтоогдоогүй гэх үндэслэлээр Тээврийн прокурорын газарт хүсэлт гаргасны дагуу Э.Ф-д холбогдох үйлдлийг прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон ба тэрээр төрсөн нутаг уруугаа буцсан.

*2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутагт байрлах хувийн зочид буудалд Д гэгч нь БНХАУ-ын иргэн, 15 настай Х-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар нь Х нь Д-гийн толгой уруу архины шилээр цохисноос болж Д хүнд гэмтэл авч ухаан орохгүй байсаар нас барсан хэрэгт Улаанбаатар их сургуулийн 3 дугаар дамжааны оюутан О овогтой Б бүлэглэн бусдыг алсан хэрэгт шалгагдахад түүний өмгөөлөгчөөр ажилласан. Улсын мөрдөн байцаах газрын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11 дэх хэсгээр ял сонсгож яллагдагчаар татсаныг эсэргүүцэж гомдол гаргаснаар түүнд сонсгосон ялыг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1, 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэгт зааснаар тус тус ял сонсгож яллагдагчаар татсаныг эс зөвшөөрч прокурорт дахин гомдол гаргасан ба прокурор гомдлыг үндэслэлтэй гэж үзэж Б-д холбогдох хэргийг 2015 оны 12 дугаар сард хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгасан. 

*Б овогтой Д гэгч эмэгтэй 2015 онд ОХУ-аас зайрмаг нийлүүлдэг компанитай гэрээ байгуулан 10 тн зайрмаг, 150 кг чихэр ачуулж зуны цагт Баянхонгор, Говь-Алтай аймаг уруу тээвэрлэж явах замд хөргүүртэй машин нь эвдэрснээс зайрмаг нь хайлж нийт 119 сая төгрөгийн гологдол гарсан. Гэтэл Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагч түүнд Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн 72 цаг албадан саатуулсан хэрэгт өмгөөлөгчөөр ажилласан. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт өмгөөлөгчийн хүсэлт гаргаж Д-гийн хөрөнгөнд үзлэг хийлгүүлж, дээрх компанитай 2 төрлийн гэрээ байгуулан ажилласан, энэ нь иргэний шүүхээр шийдвэрлэгдэх хэрэг гэж мэтгэлцэж түүнд холбогдох хэргийг эрүүгийн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр  хэрэгсэхгүй болгуулсан.

*ОХУ-ын иргэн М овогтой А нь 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатараас Эрхүү орохоор Бээжин Москвагийн чиглэлийн БНХАУ-ын галт тэргэнд суужээ. Монгол Улсын хилийн Сүхбаатар боомтод ирэх үед үйлчлэгч түүнд гаалийн мэдүүлэг өгөхдөө монгол, англи хэл дээр хэвлэснийг өгсөн байна. М нь монгол, англи хэл мэдэхгүй тул гаалийн мэдүүлгийг бөглөөгүй байтал галт тэргэнд гаалийн ажилтан орж ирж түүний тээшийг шалгахад 2,5 сая рубль гарч ирсэн тул Гаалийн тухай хуулийн 292 дугаар зүйлийн II-т заасныг зөрчсөн хэмээн М-ийг саатуулж Тагнуулын Ерөнхий газрын мөрдөн байцаах хэлтэст шилжүүлсэн байна. Энэ хэрэгт М-ийн өмгөөлөгчөөр ажилласан.  М нь тухайн үед монгол, англи хэл мэдэхгүй байсан, гаалийн ажилтан түүнтэй орчуулагчгүй харилцсан, дээрх рублийг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх санаа зорилго агуулаагүй тул түүнд холбогдох үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах шийдвэр гаргаж өгөх хүсэлтийг гаргаснаар Нийслэлийн прокурорын газраас М-ийн үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тогтоол гаргасан болно.

*Хууль хамгаалах байгууллагад ажиллаж байсан Б овогтой Ч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар Төрийн нууц задруулсан гэх хэрэгт холбогдон Тагнуулын ерөнхий газрын мөрдөн байцаах хэлтэст шалгагдах үеэс түүний өмгөөлөгчөөр ажилласан. Нийслэлийн прокурорын газраас түүнд дээрх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн ба шүүх хуралдаан дээр улсын яллагчтай мэтгэлцэж үр дүнд хүрсэн тул уг хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Энэ хэрэг  анхан шатны шүүхээс 5 удаа, давж заалдах шатны шүүхээс 1 удаа тус тус буцаж, 7 удаа шинжээчийн дүгнэлт гарч байв. Ч-ийн үйлдэл гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн прокурортой мэтгэлцэж гомдол хүсэлт гаргаж 2017 онд түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулжээ.

*Ч овогтой У нь БНСУ-ын иргэн П-ын үүсгэн байгуулсан компанид орчуулагч менежерээр ажиллаж байсан. Авилгатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн газар, Мөрдөн байцаах газрын хамтарсан ажлын хэсгээс У-г БНСУ-ын иргэн Л овогтой Ж.Ё-той бүлэглэн бусдын өмч хөрөнгийг залилан мэхэлж завшсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, удалгүй зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж байцаасан ба түүний үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн. У-гийн үйлдэл бол Л-ийн компанид татварын үйл ажиллагаанд нь судалгаа хийж хууль эрх зүйн гаргалгаа гаргаж өгснөөр тухайн компани олон сая төгрөгийн татвараас чөлөөлөгдсөн байв. У-г яллагдагчаар татсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж гомдол хүсэлт гаргаснаар Нийслэлийн прокурорын газраас түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон мөртлөө түүнийг иргэний хариуцагчаар татаж, онц их хэмжээний төлбөр төлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн. У нь оюуны хөдөлмөрөө үнэлүүлсэн, гэрээ хийх гэтэл Л өөрөө манай компани орлогогүй байгаа гээд гэрээ хийгээгүй, Л-ийг тодорхой төлбөр төл гэж шаардаагүй хэмээн өмгөөлөгчийн хувьд У-гийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж мэтгэлцсэний үр дүнд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанаар У-г иргэний хариуцагчаас чөлөөлж түүний үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэлээс гаргаж шийдвэрлэсэн. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн.  Өмгөөлөгчийн хувьд бүх шатны шийдвэрүүд хүчин төгөлдөр болсны дараа Сүхбаатар дүүргийн бүртгэлийн хэлтэст хандаж У-гийн үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлсөн албан ёсны шийдвэр гаргуулж үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг бүрэн хамгаалсан зэрэг туршлагатай болно.